
Судалгаанд хамрагдсан өрхүүд өвлийн улиралд дунджаар орлогын 11.04 хувийг эрчим хүчний зардалд зарцуулдаг. Өндөр орлоготой өрхүүд (сардаа 4.8 сая төгрөгөөс дээш орлоготой) эрчим хүчний хэрэглээнд орлогын ойролцоогоор 6 хувийг, хамгийн бага орлоготой өрхүүд (сардаа 950,000 төгрөгөөс доош орлоготой) орлогын 26.76 хувийг тус тус зарцуулж байна. Ялангуяа 400,000 төгрөгөөс доош сарын орлоготой өрхүүдийн хувьд эрчим хүчний дарамт хамгийн өндөр бөгөөд орлогынхоо 42.21 хувийг эрчим хүчний зардалд, үүний 34.23 хувийг зөвхөн нүүрсэнд зарцуулж байна. Эдгээр хамгийн бага орлоготой өрхүүд өвлийн улиралд орлогынхоо дунджаар 40 гаруй хувийг эрчим хүчний хэрэглээнд зориулж байна.
Хүснэгт 1. Сарын дундаж эрчим хүчний зарцуулалт (орлогын бүлгээр)

Өрхийн эрчим хүчний зардлын хамгийн их хувийг нүүрс эзэлдэг бөгөөд үүнд дунджаар орлогын 34 хувийг зарцуулдаг. Энэ нь ялангуяа өвлийн улиралд халаалтын хэрэгцээ нэмэгдэх үед өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулдаг.

Зураг 1. Сарын дундаж эрчим хүчний зардал (орлогын түвшнээр)
Цахилгааны зардлын эзлэх хувь бага: Энэ бүлгийн өрхүүд цахилгааны зардалд орлогынхоо 7–8 хувийг зарцуулдаг, энэ нь дундаж болон өндөр орлоготой өрхүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Зураг 2. Эрчим хүчний зардал (бүс нутгаар)
Монгол Улсын бүс нутгийн хувьд эрчим хүчний зардал харилцан адилгүй байна. Баруун бүсэд нүүрсний зардал хамгийн өндөр (199,542 төгрөг), харин Улаанбаатар хотод цахилгааны зардал өндөр (88,242 төгрөг) бөгөөд үүнд нүүрсний зардал 119,061 төгрөг байна.
Цахилгаан, нүүрсний зардал: Төв болон Өмнөд бүс: цахилгааны сарын дундаж зардал 56,393 төгрөг,нүүрсний зардал 136,031 төгрөг. Зүүн бүс: цахилгааны зардал бага зэрэг өндөр буюу 61,686 төгрөг, нүүрсний зардал 139,024 төгрөг. Баруун бүс: нүүрсний зардал хамгийн өндөр буюу 199,542 төгрөг, цахилгааны зардал харьцангуй бага буюу 47,380 төгрөг. Улаанбаатар хот: цахилгааны зардал хамгийн өндөр буюу 88,242 төгрөг, нүүрсний зардал 119,061 төгрөг.
Судалгааны дүнгээс харахад хоол хийхэд ашигладаг эрчим хүчний эх үүсвэр нь бүс нутаг бүрт ялгаатай байна. Улаанбаатар хотын өрхүүдийн хувьд цахилгаан (36.38%) болон шахмал түлшийг түлхүү ашигладаг бол аймгуудад түүхий нүүрс (10.58%) болон мод зонхилж байна.
Зураг 3. Хоол хийх эрчим хүчний хэрэглээ (байршлаар)

Улаанбаатар хотын өрхүүдийн 36.38% нь хоол хийхдээ цахилгаан ашигладаг бол аймгуудад энэ үзүүлэлт 20.70% байгаа нь хот суурин газрын эрчим хүчний гол эх үүсвэр цахилгаан гэдэг нь харагдаж байна. Харин түлээ, модны хэрэглээний хувьд аймгуудад өрхийн 6.55% харин Улаанбаатарт ердөө 0.73% байгаагаас харахад хөдөө орон нутагт модыг үндсэн эх үүсвэр болгон ашигласан хэвээр байна.
Түүхий нүүрсний хэрэглээ: Аймгуудад өрхийн 10.58% нь түүхий нүүрс хэрэглэдэг бол Улаанбаатарт энэ үзүүлэлт ердөө 1.06% байна. Энэ нь нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон хатуу зохицуулалт мөрдөж байгаатай холбоотой. Түүнчлэн, Улаанбаатарын өрхийн 18.78% нь шахмал түлш ашигладаг бол аймгуудад ердөө 0.60% нь хэрэглэж байна. Хотын өрхүүд түүхий нүүрсний оронд харьцангуй цэвэр түлш болох шахмал түлшийг илүү өргөнөөр хэрэглэж байна.
Эх сурвалж: НҮБХХ, “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” тайлан, 2025 он. https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-09/empowering_vulnerable_households_to_access_affordable_and_clean_energy_final_mng.pdf



